card

БЭР ГУЙХ ЁС

Хурим найрын сар эхэлсэн энэ үед www.hurim.mn сайтын уншигчиддаа Монгол хуримын зан үйлээс цувралаар танилцуулж байна. Хуримын уламжлалт ёслолын нэгд зүй ёсоор тооцогддог бэр гуйх ёсны тухай танилцуулъя.


БЭР ГУЙГЧ:   Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй зочин байдаг. Хүүгийн талын элч зарлага гэдэг утгаараа бэр гуйхад хүүгийн эцэг эх оролцдоггүй. Авгын тал юмуу? Нагацын тал эсвэл нутаг усандаа хүндтэй, хамгийн чухал шалгуур болох таны хүүтэй ивээл жилтэй хүнийг сонгож бэрээ гуйлгаарай. Ивээл жил нь таарахгүй ч нутаг усандаа танигдсан олон хосыг гэрлүүлсэн сайн хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж сонгодог тохиолдол бас бий. Бэр гуйгч нь удам сайтай, нутаг усандаа нэр төртэй, зан заншилаа сайн мэддэг, гэр бүлээ цуцлуулж байгаагүй, төлөв түвшин, харилцаж байгаа хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй хүнийг сонгох хэрэгтэй. Бэр гуйгч нь ганцаар явдаггүй. Дагалдагчаа дагуулж явсанаар бэр гуйхад хэрэглэх хадаг болон бэлэг сэлт, идээ ундааг бэлдэж өгөх үүрэгтэй. Мөн авч яваа идээ ундаа, бэлэг сэлтээ охины талд гардуулах хүртэл  газарт хүргэхгүй хариуцах ёстой байдаг.

    Бэр гуйгч нь Монгол зан үйл гүйцэтгэж буй учир үндэсний хувцасаа бүрэн зөв өмсвөл зохимжтой. Гэрлэх гэж буй хүүхэд уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургуулийг төгссөн, одоо ямар ажил эрхэлж байгааг сайн судлах хэрэгтэй. Мөн мэнгэ, жил, махбодийг нь судалж бэр болох хүний мэнгэ жил махбодьтой хэрхэн зохицож, гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь урьдчилан судалж, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйгчын үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж байгаа хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг таньдах мэдэх эрхтэй.

     Бэр гуйх өдрийг нарийн сайн судалж хугацааг товлоно. Бэр гуйх сайн өдрийг цаг тооны бичигт тусгайлан тэмдэглэсэн байдаг. Тухайн өдрийнхөө сайн цагийг сонгоорой. Бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж буруу өдөр сонгохоос сэрэмжлээрэй. Газар газрын бэр гуйх ёс өөр өөр байдаг хэдий ч бэр гуйхад зайлшгүй авч явах идээ, ундаа, бэлэг гэж бий. Үүнд: Хадаг, цайны идээ, дээлийн өнгө, тавгийн идээ зэргийг нутгийнхаа заншилтай уялдуулан бэлдэж очиж бэр гуйдаг байна.


БЭР ГУЙХ ЁС:   Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийн хоёр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ёслол эхэлнэ. Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж:

Буга намнаач нь манайд байна 

Булга зүйгээч нь танайд байна

Эрж явсан эрдэнэ

Сурж явсан сувд минь танайд байна гэж хадаг тавин гуйна.

Охины аав охиноо өгөх эсэхийн хариуг тэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэж зуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг нь өөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэй ирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг.

Бэр гуйх ёслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваана. Шийд сонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээ баталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бөх байлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэж үздэг байна.

Хэд хэдэн удаа баталгаа хийсний дараа хүргэн талаас сүйн бэлэг барьдаг. Энэхүү бэлэгээр хурим хийх өдрийг хэлэлцэн тохирдог байжээ. Дараагийн цувралаар сүйн бэлэгний тухай танилцуулна.