card

ЮСТИНИАН ФЕОДОРА ХОЁРЫН ХАЙРЫН ТҮҮХ

Юстиниан Синай хотноо барьсан Гэгээн Екатеринагийн сүм дотроо Феодорагийнхаа дурсгалд зориулж ханан дээр нь “ Хатан Хаан Феодора минь тайван нойрсдоо” хэмээн бичүүлжээ.
story-image

САХИЛГАГҮЙ АМИНААГИЙН СОНГОДОГ ХАЙРЫН ИЛТГЭЛ

 Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “АНИМА” сургуулийн багш, урлаг судлаач М.Аминаа. Тэрээр “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх”, “Согтуу зураачдын сод бүтээлүүд” зэрэг хөгжилтэй нэртэй урлагийн түүхийн цуврал лекцүүдээр залууст дэлхийн урлагийн түүх, гоо зүйн мэдлэгийг олгох олон нийтийн ажлыг хийж буй урлаг судлаач юмаа.

     Авьяаслаг урлаг судлаач маань “Сахилгагүй Аминаа” хэмээх хочтой бөгөөд энэ нэрээрээ фейсбүүк групп ажиллуулан олон залууст өөрийн мэдлэгээсээ хуваалцдаг байна. Хурим.mn сайтын уншигчиддаа суут хүмүүсийн аугаа хайрын түүхээс цувралаар хүргэж байхаар “Хурим бол урлаг” булангийнхаа ээлжит зочноор урлаг судлаач бүсгүйг онцлон урьсан юмаа. Бидэнд зориулан бичсэн аугаа хүмүүсийн хайрын түүх урлагт хэрхэн нөлөөлсөн тухай нийтлэлүүдийг та бүхэндээ хүргэж байхаар боллоо.

    -ЦУВРАЛ НИЙТЛЭЛ-

 

      Өнөөдөр та бүхэнд өгүүлэх энэ хайрын түүх маань Холливудын кино эсвэл хүүхдийн үлгэрт гардаг шиг ариун цагаан гэгээлэг бус энгийн л нүгэлт хүмүүсийн амьдралын тухай. Гэвч лянхуа цэцэг намгийн бохир уснаас ургадаг шиг эгэл жирийн хар бараан амьдралаас агуу хайраар тэнгэрлэг оршихуйд хүрсэн тухай юм. Нуршиж нуугаад яахав, энэ бол 1500 жилийн өмнөх биеэ үнэлэгч бүсгүйн түүх.

        Цасан цагаан арьс, улаа бутарсан хацар, тормолзсон хар нүд, согоо шиг сайхан бие нь хэний ч анхаарал татам, үзэсгэлэн гоо өв тэгш Феодора охин тарчиг ядуу амьдралтай харц айлд  мэндэлжээ. Амьдралын төлөө борви бохисгүй зүтгэн, гэр бүлээ тэжээж байсан эцэг нь зуурдаар нас барсны улмаас гурван охинтойгоо үлдсэн ганц бие эх нь улам л хүнд байдалд орж том охиноо аавынх нь ажиллаж байсан циркт бүжигчнээр ажиллуулжээ. Тухайн үеийн циркийн бүжигчиний мэргэжил гэдэг нь одоогийнх шиг дан ганц хөгжим бүжгийн урлагийн сайхныг мэдрүүлэх бус эрх ямба, хөрөнгө чинээтэй эрчүүдийн шинэхэн амрагаа сонгох газар байсан аж. Феодора өсвөр насанд хүрэв үү үгүй юу өөрийн дөнгөж соёолж буй бие хааг нэвт гэрэлтүүлэн харагдуулах бүжигийн хувцсаа өмсөн олон ч хүмүүсийн өмнө уяхан туяахан хөдөлгөөнөөрөө гайхагдан олны анхааралд өртөөд байв. Аяандаа гэр бүлийнхээ хоногийн хоолны төлөө зарим нэгэн эрчүүдээс мөнгө авч тэдэнд үйлчлэх нь ч энгийн үзэгдэл болсон гэдэг. Гэсэн хэдий ч зүрх сэтгэлийнхээ гүнд нандин хайрыг хүсч, хүүхэд шиг үлгэрт итгэх итгэл нь байсан хэвээрээ. Гэнэн гэхэд дэндүү гэнэн хүүхдэд нас шүү дээ. Хар бараан энэ амьдралаасаа залхаж өөрт нь сайхан хайр, гэр бүлийн амьдрал амласан нэгэн эрд итгээд алс холын Африк төврүү зугтчихаж гэнэ.

            

                                           Юстиниан хаан                                                                        Феодора хатан

          Харамсалтай нь хүний олон дунд ад чөтгөр шиг зэвэрсэн сэтгэлт хүмүүс байдаг нь үнэн, сайхь эр залуу охины эрч хүч, үзэсгэлэн гоо, бие хааг нь ханатлаа эдлээд л хэрэггүй хог мэт хөөгөөд гаргачихсан гэдэг. Хүний нутагт хонох хорогдох газар ч үгүй, хоосон ходоодтойгоо ганцаардлын туйлд хүрч ийш тийш амьдрал хайсаар нилээд хугацааг барсны эцэст тухайн үеийн шашин соёлын төв болсон Александрий хотод очиж хад агуй дотор мөргөл үйлдэх христын шашны лам нар дээр очжээ. Улмаар Бурханы хайр энэрэл, амьдралын утга учирын талаарх ном хурд суралцаж зөвт амьдралыг сонгон эргээд нутагтаа ирэхдээ умгархан нэг өрөөнд юм оёж шидэх төдийхнөөр хоол ундныхаа мөнгийг олж хэн нэгний хараанд өртөлгүй даруу төлөв амьдарч эхэлжээ. Гэхдээ хүмүүс яаж зүгээр байхав, нэгэн цаг үе гоо сайхан болон садар самуун явдлаараа шуугиулж байгаад гэнэт алга болчихоод буцаж ирэхдээ засраад ирсэн бүсгүйн тухай хүмүүсийн хов жив тасралгүй бүр хааны ордны хүрээлэлд очиж гэнэ.

          Нууцлагдмал нэгэн бүсгүйн тухай Византийн Эзэнт Гүрний Юстин хааны авга дүү Юстиниан сонсоод ихэд сонирхол нь хөдөлж өөрийн биеэр очиж уулзахыг хүсчээ. Шашин ном ихэд түгэн дэлгэрч цэцэглэж байсан тэр улсад Бурханы замаар явах гээд садар самуун амьдралаа орхисон хүний тухай сонсох нь бүр ч сонирхолтой байсан биз. Юстиниан Феодоратай уулзаж ярилцсан анхны өдрөөсөө ухаан жолоогүй дурлалдаа автаж хэдий тэр үед хуулийн эсрэг байсан боловч тэр бүсгүйтэй гэрлэнэ хэмээн зүтгэжээ. Юстинианы эх нь уйлан дуулан, ямар гээчийн гай учирах нь энэ вээ хэмээн халаглаад ч дийлсэнгүй. Эцэст нь Эзэн Хаан Юстин ах нь дүүдээ зориулаад “Хэрвээ үнэхээр садар самуун явдлыг орхиж засарсан биеэ үнэлэгч, бүжигчин бүсгүй хүн байх аваас хааны ордны гаралтай хүнтэй гэр бүл болж болноо” гэсэн шинэ хуулийн заалт нэмж өгснөөр дурлалт хосууд гэр бүл болжээ.

                 /Итали, Равенна хотын Сан Витале Сүмийн хана туурганы зураг, Юстиниан хаан/

        Ингээд гал халуун дурлал, жинхэнэ хайрандаа шатсан Юстиниан Феодора хоёрыг гэрлээд нэг жил өнгөрсний дараа Юстин ах нь хорвоог орхисноор хаан ширээнд Юстиниан суух нь тэр. Харин Феодора хатан болох нь мэдээжийн хэрэг шүү дээ. Зарим түүхэн эх сурвалжид Феодораг эрх мэдэлд дуртай, харгис хатан хаан байсан хэмээн тэмдэглэх нь аргагүй. Тэрээр өөрийг нь бяцхан охин байхад бузраар ашигласныхаа дараа мөнгө төгрөг өгөлгүй харгис ширүүн харьцаж гомдоож байсан балмад этгээдүүдийг ордондоо дуудан янз бүрээр шийтгэж байсан хэмээдэг. Харин өөрийнх нь адил амьдралын эрхээр биеэ үнэлэн буруу замаар орсон залуу охидод зориулан сүм хийд босгож Бурханы номлол заан, тэтгэж тэжээх болсон аж. Ямартай ч Феодора мөнхийн хайраа олсон учир эр нөхөр Юстиниандаа үнэнчээр зүтгэн үргэлж хажууд нь байсан юм.

           532онд Византийн Эзэнт Гүрэнд Никейн бослого хэмээх аймшигт бослого гарч бүр хаантан өөрөө зугтахаас өөр аргагүй болон сандарч байхад нь Феодора түүнийг зогсоож тайвшруулан хааны жанжидыг чадварлагаар хуваарьлаж бослогыг даран түшигтэй сайн хань гэдгээ амьдралын хэргээр батлан харуулжээ. Хаандаа үнэнчээр зүтгэж, улс гүрнээ удирдан эх орныхоо шашин, урлаг соёлын хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан үзэсгэлэн гоо Феодора хатан 50 нас хүрэлгүй өвчнөөр өөд болсон бөгөөд Юстиниан амьдралынхаа үлдсэн бүх хугацаанд амраг хайртдаа үнэнч байх ам тангараг өргөн дахин хүнтэй гэрлээгүй юм.

                     /Итали, Равенна хотын Сан Витале Сүмийн хана туурганы зураг, Феодора хатан/

         Юстиниан Синай хотноо барьсан Гэгээн Екатеринагийн сүм дотроо Феодорагийнхаа дурсгалд зориулж ханан дээр нь “ Хатан Хаан Феодора минь тайван нойрсдоо” хэмээн бичүүлжээ. Мөн хаан Юстинианы бариулсан орчин үеийн Туркийн Стамбул хотноо орших, хэдэн мянган жилийн туршид Христын шашны хамгийн аугаа том сүм гэгдэж байсан “Гэгээн Софийн Сүм”-н ханан дээр “Бурханы боол Юстиниан болон Феодора нараас өргөв” хэмээсэн бичиг ч байх аж.

        Хожим үнэн алдартны шашинд тэднийг гэгээнтэнд залан орос болон бусад барууны оронд баярыг нь 11 сарын 27нд тэмдэглэж аливаа итгэл бишрэлтэй хосууд мөргөл залбирал үйлдэн Феодора болон Юстинианы бурхан зургаас адис хүртдэг аж. Ийнхүү агуу хайраар тэтгэгдэж , аливаа бэрхшээлийг туулан бие биедээ үнэнчээр насыг барсан эгэл хоёр хүмүүний түүх ийнхүү төгсөж байна. Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй тул эргэн тойрондохь хүмүүсдээ сайн сайхныг хүсч, сэтгэл дотроо зөв зүйлсрүү тэмүүлж явбал Бурхан биднийг энэ хорвоод хайраар дутаахгүй амьдруулахын нэгэн жишээ энэ бөлгөө.

                                                                                         /Итали, Равенна хотын сүм/