card

ХУРИМЫН ГЭРЧЭЭ СОНГОХ ГЭЖ БАЙНА УУ?

Үнсгэлжингийн хуриманд түүний хулганууд гэрч болсон нь зүгээр нэг тохиолдол байгаагүй юм шүү !!! 

Энэ ч асуудал шүү...

Хуримандаа хаанаас эхлэн бэлтгэх вэ гэдгээс өмнө та хэнийг хуримын гэрчээрээ сонгох вэ гэж санаашрах болно. Хамгийн гол асуудал нь дотны бүхнээ гэрчээр сонгож болохгүйд байгаа юм.

Мэдээж хэрэг таны  найз нөхөд, хамаатан саднууд бүгд л өөрийгөө таны хуримын гэрчээр сонгогдоосой гэсэн хүлээлтээр дүүрэн байна. Тэгэхээр хуримын гэрчээ хэрхэн зөв сонгох талаар өнөөдөр бид ярилцах нь “SOS” асуудал болоод байна.

Ер нь хуримын гэрч гэж хэн, ямар үүрэгтэй гэдгээс нь эхлэх хэрэгтэй байх. Манайхан хуримын гэрчээр бэргэнээ сонгодог уламжлалтай байсан бол сүүлийн жилүүдэд барууны соёлыг даган хосууд найзуудаа сонгох болсон.

Анх 19-р зууны үеэс хуримын bestman, bestwoman буюу гэрч гэдэг хүн гарч ирсэн байна. Тэр үед залуугийн талын эмэгтэйчүүд нь бүсгүйн гэрч, бүсгүйн талын эрчүүд залуугийн гэрч болдог байж л дээ.

Харин 21-р зуунаас хосууд өөрийн сайн найзуудыг хуримын гэрчээ болгодог болсон. Тэдний үүрэг бол хуримын зохион байгуулалтын ажлыг гардан хийлцэж жин тан болгох.

Гэхдээ хуримын агентлагаар зохион байгуулалтаа хийлгэж байгаа бол гэрч нарт хуримын өмнөх зураг авалтанд нь оролцохоос өөр нэг их хийгээд байх зүйлгүй л дээ.

Харин сүйт залуу, сүйт бүсгүйн сэтгэл санааг сонсох, юу хүсэж байгааг нь мэдэж зөвлөлдөх, ганц бие залуу, бүсгүйн үдэшлэгийг нь найздаа хамгийн сайхнаар, мартагдашгүй байхаар зохион байгуулж хамтдаа хөгжилдөх нь тэдний ажил.

Одоо хуримын гэрчээ хэрхэн сонгох хэд хэдэн аргыг танд зөвлөе!

 

Нэрсийн жагсаалт гаргах

Эхний ээлжинд та хуримынхаа гэрчээр сонгох өндөр магадлалтай бүх хүнийг эмх цэгцтэйгээр жагсаан бичээрэй!


Хасалт хийх

Гаргасан жагсаалт дундаас танаас үл хамаарах, үгүйсгэж үл болох шалтгаанаар гэрч тань болох боломжгүй хүмүүсийг зоригтойгоор дараарай. Одоо арай л цөөрч байгаа биз.


“Яагаад?”

Хуримын гэрчээр сонгох тухайн хүн таны төлөө өмнө нь юу хийж байсан бэ, таны гаргасан чухал шийдвэрүүдэд хэрхэн хандаж байсан бэ... Эдгээр асуултууд танд туслана. Өөрөөр хэлбэл та хоёр яагаад түүнийг гэрчээрээ сонгох хэрэгтэй вэ гэдгийг өөрсдөөсөө асууж жагсаалтад үлдсэн хүн бүрийн дор байж болох бүх шалтгааныг жагсаан бичээрэй. Мэдээж цөөн хэдхэн шалгаан бичсэн хүмүүсийг хасаж болно гэсэн үг.


Зүтгэл хэрэгтэй

Гэрч болох хүнээс тодорхой зүтгэл шаардана. Үүнийгээ дагаад хариуцлага ч нэмэгдэнэ. Учир нь хуримын гэрч хосуудын хуримын бүхий л бэлтгэлд туслах, зарим ээдрээтэй зүйлсийг зохицуулах, тодорхой арга хэмжээг ур чадварын өндөр түвшинд зохион байгуулах, эцэст нь хуримын ёслол дуустал нэр төртэйгөөр хариуцсан бүхэндээ үнэнч байх үүрэгтэй. Одоо та дээрх шаардлагад нийцэх хүмүүсээс бусдыг жагсаалтаас хасаж болно.


Амьдралын түүх чухал

Хуримын гэрч болох хүний амьдрал ялангуяа гэр бүл төлөвлөлтийн хувьд гэгээн, дардан байх нь чухал үзүүлэлт гэдгийг та санаандаа хийгээрэй. Энэ насны амьдралын тань хамгийн том гэрч болох тэр хүн өөрөө та хоёрт туулсан амьдралаараа үлгэр болох ёстой.


Ингээд ч цөөрөхгүй байвал...

Гаргасан жагсаалтдаа түүврийн арга ашиглаарай. Боломжит  хүмүүсээс санамсаргүй түүврийн аргыг ашиглан сонговол танд хамаагүй хялбар, дарамтгүй байх болно. Далимд нь хөгжилдөөд аваарай.


Эцэст нь...

Энэ бол зөвхөн таны хурим. Таных л байх ёстой энэ ёслолд та хоёроос өөр хэн ч дур мэдэн шийдвэр гаргах, гомдоллох, бухимдах эрхгүй учраас хэн нэгнийг гомдоохвий гэсэн айдастаа хүлэгдэж шийдвэртээ бүү эргэлзээрэй. Мэдээж таны  төлөө сайн сайхныг хүсдэг хэн бүхэн хуримын гэрч болсон ч болоогүй ч та хоёрт чин сэтгэлээсээ туслаж, юу хүсэж байгааг нь мэдрэх болно. Ийм л энгийн...